Odoo • Image and Text

Төрийн өмчийн ерөнхий боловсролын Шинэ Эрин олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна   



ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго
Тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй, олон улсын хөтөлбөрөөр амжилттай суралцах мэдлэг, чадвар, төлөвшилтэй сурагчдыг сонгон шалгаруулах элсэлтийн шалгалтыг зохион байгуулах
Хоёр. Элсэлтийн шалгалтад орох суралцагчдад тавигдах шаардлага
Суралцагч нь 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийг төгсөж, 2023-2024 оны хичээлийн жилд 6 дугаар ангид элсэн суралцах сурагч байх бөгөөд 5 дугаар ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ 90.0 хувь, түүнээс дээш байх. 
Гурав. Хяналтын тоо
          2023-2024 оны хичээлийн жилд 6 дугаар ангийн 2 бүлэгт нийт 48 сурагч элсүүлнэ. 
Дөрөв. Элсэлтийн шалгалтын бүртгэл
   2023 оны 06 сарын 05-ны 14.00 цагаас эхлэн 06 сарын 09-ний 14.00 цаг  хүртэлх хугацаанд register.newera.edu.mn хаягаар цахимаар бүртгэнэ.  
Бүртгүүлэгчийн мэдээллийг нягтлах шаардлага үүссэн тохиолдолд шалгалт зохион байгуулах комисс тухайн бүртгүүлэгчийг дуудаж, бичиг баримтын эх хувьтай тулган баталгаажуулна. 
(Бүртгүүлэгчийн анхааралд: Цахимаар бүртгүүлэхдээ сонгон шалгаруулах зард дурдсан бүрдүүлэх материалуудыг бүрэн гүйцэт, шаардлага хангахуйцаар бэлтгэсэн байна. Бүрдүүлэх материал дутуу, тавигдах шаардлагуудын аль нэгийг хангаагүй сурагчийг систем бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу!)
Тав. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт
Шалгуулагч 2023 оны 06 сарын 10-ны өдөр register.newera.edu.mn цахим хаягаар өөрийн регистрийн дугаар болон нууц үг /6 оронтой тоо/ ашиглан нэвтэрч, суудлын хуваарь гэсэн товчлуур дарж шалгалт өгөх газар, хуваарилагдсан анги, суудлын хуваариа мэдэж, шалгалтад орохдоо хэвлэж авч ирнэ. 
Шалгалт математикийн хичээлээр 40 даалгавартай, 80 минутын хугацаатай байна. 
Шалгалтыг 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас зохион байгуулна.
Шалгуулагч 2023 оны 06 сарын 11-ний өдрийн 09.00 цагт шалгалтын байранд ирсэн байна.       Ирэхдээ суудлын хуваариа ЗААВАЛ авч ирнэ. 
Шалгуулагч шалгалтын санамжийг чанд баримтална. /Тухайн санамжийг цахим системээс хэвлэн авч, уншиж танилцсан байна/
Шалгуулагч даалгаврын хариуг хариултын хуудсанд бөглөнө. Шалгалтын төгсгөлд шалгалтын материал, хариултын хуудсыг хамт хураалгана. 
Элсэлтийн шалгалтын ажлын хэсэг шалгалтын дэгийн дагуу ажиллана. 
Зургаа. Элсэлтийн шалгалтын засалт, дүнг мэдээлэх үйл явц 
Шалгуулагчдын хариултын хуудсыг засагч машинаар уншуулна.
Шалгалтын дүнг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 23.00 цагаас өмнө сургуулийн www.newera.edu.mn цахим хуудсанд байршуулна. Шалгуулагч register.newera.edu.mn хаяг руу өөрийн регистрийн дугаар болон 6 оронтой тоогоор нэвтэрч, шалгалтын оноогоо харна. 
Сургуулийн удирдах зөвлөлөөс баталсан 2023-2024 оны хичээлийн жилд элсүүлэх сурагчдын хяналтын тооны дагуу хамгийн өндөр оноотой 48 шалгуулагчийн шалгалтын оноог сургуулийн www.newera.edu.mn цахим хаяг болон www.facebook.com/new.era.shine.erin/   хуудсаар мэдээлнэ.
Хэрэв хяналтын тооны шугам ижил оноотой шалгуулагчдын дундуур татагдах тохиолдолд тухайн сурагчдын 5 дугаар ангийн жилийн эцсийн дундаж үнэлгээгээр эрэмбэлнэ. Хэрэв дээрх үнэлгээ тэнцсэн тохиолдолд  5 дугаар ангийн математикийн хичээлийн үнэлгээ хувиар, мөн дээрх үнэлгээнүүд тэнцсэн тохиолдолд, 5-р анги төгсөх улсын шалгалтуудын үнэлгээний дундаж хувиар, мөн дээрх үнэлгээнүүд тэнцсэн тохиолдолд элсэлтийн шалгалтын сүүлийн 5 даалгаврын нийлбэр оноог үндэслэн жагсаалтын эрэмбийг гаргана. 
Долоо. Санал хүсэлт шийдвэрлэх үйл явц 
Шалгалтын явц, дүнтэй холбоотой санал хүсэлтийг 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 09:00-17:00 цагт багтаан хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ. 
Шалгалтын материалыг нягталж үзэх хүсэлтэй шалгуулагч зөвхөн өөрийнхөө хариултын хуудас, шалгалтын сэдвийн түлхүүрийг үзэх боломжтой. 
Найм. Элсэлт
Элсэлтийн шалгалтын эцсийн дүнг Шинэ Эрин олон улсын сургуулийн захирал  2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөрт багтаан баталгаажуулж, элсэн суралцах эрх хангасан сурагчдын эцэг эхэд мэдэгдэнэ. 
Элсэн суралцах эрх авсан сурагчид хуучин сургуулиасаа хувийн хэргийнхээ хасалтыг хийлгэж, Шинэ Эрин олон улсын сургуулийн сургалтын менежерт хувийн хэргээ хүлээлгэж өгнө. 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС